Мэдээ:
  • Улсын хэмжээнд 2017 оны эхний 7 сарын байдлаар 41 977 эх төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 3 629 төрөлтөөр буюу 8.6 хувиар буурсан байна. 2017 оны эхний 7 сарын байдлаар улсын хэмжээнд 42 245 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 3 571 хүүхдээр буюу 8.5 хувиар буурчээ. Амьд төрсөн хүүхдийн 21 830 буюу 51.7 хувь нь хүү, 20 415 буюу 48.3 хувь нь охин байна. Улсын хэмжээнд 2017 оны эхний 7 сарын байдлаар эхийн эндэгдлийн 10 тохиолдол бүртгэгдэж, 100 000 амьд төрөлтөд 23.7 байгаа нь өнгөрсөн оны мөн үеэс 16 тохиолдлоор буюу 100 000 амьд төрөлтөд 33.0-оор буурсан байна. Улсын хэмжээнд нялхсын эндэгдлийн 604 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөнд 14.3 ногдож байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 1000 амьд төрөлтөд 5.3-оор буурсан үзүүлэлттэй байна. Улсын хэмжээнд 2017 эхний 7 сарын байдлаар тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 720 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 17.0 ногдож байгаа нь өмнөх оны мөн үеэс 354 тохиолдлоор буюу 1000 амьд төрөлтөд 6.4-оор буурсан байна. 2017 оны эхний 7 сарын байдлаар нас баралтын 9 024 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 612 тохиолдлоор буурсан байна. Нийт нас баралтын 5 490 тохиолдол буюу 60.8 хувь нь эрэгтэй, 3 534 тохиолдол буюу 39.2 хувь эмэгтэй байна. Улсын хэмжээнд 25 төрлийн 28 585 халдварт өвчний тохиолдол бүртгэгдэж, 10 000 хүн амд 93.5 ногдож байна. Өмнөх оны мөн үеэс 25 591 тохиолдлоор буюу 10 000 хүн амд ногдох өвчлөл 83.7-оор буурсан байна.
Түүхэн замнал

Эрүүл мэндийн хөгжлийн төв нь 1996 онд Эрүүл мэнд нийгмийн хамгааллын сайдын 1996 оны 10 дугаар сарын 4-ний өдрийн А/233 тоот тушаалаар Эрүүл мэндийн удирдлага, мэдээллийн төв нэртэйгээр анх үүсгэн байгуулагдсан. Үүнээс хойш бүтэц зохион байгуулалтын хувьд дараах байдлаар өөрчлөгдөн зохион байгуулагдаж байлаа Үүнд:

1996-1997 -Эрүүл мэндийн удирдлага, мэдээллийн төв

1997-2000 -Эрүүл мэндийн удирдлага, мэдээлэл, боловсролын төв

2000 -Үндэсний эрүүл мэндийн газар

2000-2002 -Эрүүл мэндийн хөгжлийн  үндэсний төв

2003-2004 -Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Эмнэлгийн тусламжийг удирдах газар

2005  Эрүүл мэндийн хөгжлийн  үндэсний төв

2009  Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Эрүүл мэндийн газар

2012 оноос Эрүүл мэндийн хөгжлийн төв болсон ба  Эрүүл мэндийн сайдын  2016 оны 12 сарын 26-ны “Эрүүл мэндийн хөгжлийн төвийн дүрэм бүтцийг шинэчлэн батлах тухай” А/203 дугаар тушаалаар  шинэчлэн зохион байгуулагдаж, шинэ бүтэц зохион байгуулалтын хүрээнд ажиллаж байна.

Тус төв нь одоо бүтэц зохион байгуулалтын хувьд 7 алба 1 багтайгаар үйл ажиллагаагаа явуулж байна Үүнд:

  1. Бодлогын судалгаа, удирдлагын сургалтын  алба
  2. Статистик, мэдээллийн технологийн алба
  3. Эмнэлгийн тоног төхөөрөмжийн  алба
  4. Эрүүл мэндийн ажилтны хөгжлийн  алба
  5. Эм, эмнэлгийн хэрэгслийн  алба
  6. Чанар магадлан итгэмжлэлийн  алба
  7. Захиргаа, санхүү-үйлчилгээний алба
  8. Хяналт-шинжилгээ үнэлгээ, Дотоод аудитын баг