Мэдээ:
  • Улсын хэмжээнд 2017 оны эхний 7 сарын байдлаар 41 977 эх төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 3 629 төрөлтөөр буюу 8.6 хувиар буурсан байна. 2017 оны эхний 7 сарын байдлаар улсын хэмжээнд 42 245 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 3 571 хүүхдээр буюу 8.5 хувиар буурчээ. Амьд төрсөн хүүхдийн 21 830 буюу 51.7 хувь нь хүү, 20 415 буюу 48.3 хувь нь охин байна. Улсын хэмжээнд 2017 оны эхний 7 сарын байдлаар эхийн эндэгдлийн 10 тохиолдол бүртгэгдэж, 100 000 амьд төрөлтөд 23.7 байгаа нь өнгөрсөн оны мөн үеэс 16 тохиолдлоор буюу 100 000 амьд төрөлтөд 33.0-оор буурсан байна. Улсын хэмжээнд нялхсын эндэгдлийн 604 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөнд 14.3 ногдож байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 1000 амьд төрөлтөд 5.3-оор буурсан үзүүлэлттэй байна. Улсын хэмжээнд 2017 эхний 7 сарын байдлаар тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 720 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 17.0 ногдож байгаа нь өмнөх оны мөн үеэс 354 тохиолдлоор буюу 1000 амьд төрөлтөд 6.4-оор буурсан байна. 2017 оны эхний 7 сарын байдлаар нас баралтын 9 024 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 612 тохиолдлоор буурсан байна. Нийт нас баралтын 5 490 тохиолдол буюу 60.8 хувь нь эрэгтэй, 3 534 тохиолдол буюу 39.2 хувь эмэгтэй байна. Улсын хэмжээнд 25 төрлийн 28 585 халдварт өвчний тохиолдол бүртгэгдэж, 10 000 хүн амд 93.5 ногдож байна. Өмнөх оны мөн үеэс 25 591 тохиолдлоор буюу 10 000 хүн амд ногдох өвчлөл 83.7-оор буурсан байна.
Мэндчилгээ

 

МЭНДЧИЛГЭЭ

Ард  иргэдийнхээ эрүүл мэндийн төлөө нэгэн үзүүрт сэтгэлээр зүтгэж, Монгол орныхоо өнцөг булан бүрт ажиллаж, ард түмэндээ эрүүл энхийн түмэн жаргаланг бэлэглэж байдаг, ариун буянт үйлсийн эзэд эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд та нартаа болон гадаад, дотоодын хамтрагч байгууллагууддаа мэндчилгээ дэвшүүлье.

 Эрүүл мэндийн хөгжлийн төв нь эрүүл мэндийн салбарыг хөгжүүлэх бодлого, хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгох нотолгоо бүрдүүлэх, байгууллага хүний нөөц, техник технологи, тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдал, салбарын удирдлага, манлайллыг дээшлүүлэх замаар хүн амын  эрүүл мэндийг сайжруулахад дэмжлэг үзүүлэх үндсэн чиг үүргийг хэрэгжүүлэн ажилладаг.

 Манай хамт олон эрүүл мэндийн салбарын хөгжлийн төлөө хамтдаа зүтгэж, харилцан итгэлцэж, төрийн албан хаагчийн ёс зүйг эрхэмлэн, төрийн үйлчилгээг чанартай шуурхай, хэрэглэгчдэд ээлтэйгээр хүргэж,  үүргээ ухамсарлан, хууль тогтоомжийг хэрэгжүүлэн ажиллахыг эрхэмлэдэг болохоо онцлон тэмдэглэхийг хүсч байна.

 Төр, хувийн хэвшлийн байгууллага болон гадаад, дотоодын хамтрагч, төрийн бус байгууллага, иргэний нийгмийн байгууллагатай хамтын ажиллагааг  улам өргөжүүлэн бэхжүүлж, цаашид дэлхийн хэмжээнд өрсөлдөх чадвар бүхий эмч, мэргэжилтэн, эрүүл мэндийн ажилтныг бэлтгэх сургалтын түшиц бааз бүхий сургалтын төвийг бий болгох, суралцах хугацаанд нь эрүүл ахуйн шаардлага хангасан, аюулгүй тав тухтай байраар хангах, эмнэлгийн тоног төхөөрөмжийн шалгалт баталгаажуулалтын жишиг лаборатори байгуулах, хувь хүн болон байгууллагын эрүүл мэндийн мэдээллийн удирдлагын тогтолцоог бий болгох замаар эрүүл мэндийн салбарыг хөгжүүлэх нь бидний үүрэг юм.

Та бүхэнд сайн сайхан бүхний дээдийг хүсэн ерөөе !

 

ЭРҮҮЛ МЭНДИЙН ХӨГЖЛИЙН ТӨВИЙН ЕРӨНХИЙ ЗАХИРАЛ                                 

Б.НАРАНТУЯА